Monday, April 21, 2008

Хүмүүс аз жаргалтай амьдралаа өөрсдөө бусниулдаг

Гэр бүл дэх харьцааны алдаа даамжирвал тааламжгүй уур амьсгал бүрэлдэх, хөндий хүйтэн байдал үүсэх, цаашлаад салахад хүргэдэг гэмтэй. Ийм байдлыг үүсгэхгүйн тулд сэтгэл зүйчид доорх зөвлөмжийг баримтлахыг хүсч байна.
  • Гэр бүлд тэргүүлэх байр суурины төлөө бүү өрсөлд. Эхнэр нөхрийн хайр халамж, санхүүгийн эрх мэдэл, шийдвэр гаргах түвшин зэрэг ач холбогдолтой зүйлсийг дуугаа өндөрсгөн хэрүүл тэмцэл хийхгүйгээр авах боломжтой.
  • Тантай амьдралаа холбохоос өмнө хань ижилд тань найз нөхөд ямар нэгэн үүрэг хариуцлага, сонирхол, дадал зуршил гэхчилэн өөрийн ертөнц байсныг санаарай. Энэ ертөнц байсаар байх болно. Үүнийг нь хориглох, таслан зогсоох, үгүйсгэх гэж өөрийгөө бүү зовоо. Хань ижил таны өмч бус, өөрийн гэсэн харьцаа хүрээ, үзэл бодолтой хувь хүн гэдгийг хатуу ойлго.
  • Жижиг зөрчлүүд (”Чамд найз чинь чухал юм уу, тэгвэл би зайлаад өгье” “Хөршийнх рүү орохыг хатуу хориглож байна” гэх мэт) зуршил болвол харьцаа эвгүй болж байгаагийн шинж. - Гэр бүлийн үндсэн зарчим нь харьцааны ижил түвшинг баримтлах. Хайр халамжийг хүсч байгаа бол та өөрөө энхрий, халамжтай бай. Магтаал сайшаалыг хүсвэл та өөрөө найрсаг, халуун дулаан үгэнд яагаад тийм харам хандана вэ?
  • Хэн нэгэндээ ахадсан шаардлага бүү тавь. Үүрэг хариуцлагыг адилхан хуваалц. Таны найз бүсгүйн нөхөр гэрийнхээ эвдэрсэн крант “00″ -ыг засаж янзалж чаддаг. Сайн хэрэг. Гэвч хүн болгон тийм байх албагүй шүү дээ. Нөхрөө түүнтэй бүү харьцуул. Нөхөр чинь “00″ засч чадахгүй ч сайхан хоол хийчихдэг. Та үүнийг нь сайшаа, магт, дэмж.
  • ”Хайртай хүмүүс тэгдэггүй” “Чи надад хайргүй л юм байна” гэх мэтээр шууд тулгах, үнэлэлт дүгнэлт өгөх гэсний хэрэггүй. Учир нь иймэрхүү үг яриа хайртын чинь сэтгэл зүйг дарамталж байгаагийн нэг илрэл тул тийм таатай санагдахгүй.
  • Хань ижлээ хэт төгөлдөржүүлэх гэж бүү оролд. Өндөг шиг өөгүй хүн байдаггүйг хүлээн зөвшөөр. Тиймээс алдаа дутагдлыг нь ойлгож, хүлээцтэй хандаж сур. Гэхдээ архидалт, садар самууны асуудалд хүлээцтэй ханд гэсэн үг биш шүү.
  • Хань ижил, хайртынхаа зан чанарыг өөрчлөх, өөрт тохиромжтой болгох гэж бүү оролд. Тогтож төлөвшсөн зан авиртай, өөрийн онцлогтой том хүнийг сургах, хүмүүжүүлэх гэж зүтгэх нь ямар ч үр дүнгүйг санаарай. Зарим нэг илэрхий дутагдал, зуршлыг аятайхан хэлж, засч залруулж болох юм. Түүнээс биш хүнийг бүхлээр нь өөрчлөх зорилго бүү тавь. Ер нь ямар ч их хайртай хосуудад ялгаатай, зөрчилтэй зүйл их бий. Нэг нь нам тайван байдлыг эрхэмлэдэг бол нөгөө нь чанга хөгжим, чимээ шуугианыг илүү үзэх гэх мэтчилэн жишээтэй. Үүнээс болж салалтай нь биш. Хэрэв хүмүүс бие биендээ хүндэтгэлтэй ханддаг, ойлгодог бол аливааг зохицуулж, зөвшилцөх чадвартай байдаг.

No comments: